User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

"Чойр" ЭЗЧБ

Дэд бүтэц харьцангуй хөгжсөн, хөрсөн дор нь улсын хүрэн нүүрсний нөөцийн 70 хувь орших Чойрын районд чөлөөт бүс, нүүрс-химийн чиглэлээр үйлдвэр технологийн парк байгуулах нь эдийн засаг хямарч, бензин шатахууны үнэ өсч байгаа өнөөгийн нөхцөлд болоод цаашид улсын хөгжилд нөлөөлхүйц нэн чухал ач холбогдолтой алхам болох юм.
“Чойр” Эдийн засгийн чөлөөт бүсийн /ЧЭЗЧБ/ Үйлдвэр технологийн паркийн /ҮТП/ мастер төлөвлөгөөг Үйлдвэр худалдааны яам, “Чойр” ЭЗЧБ-ийн захирагчийн ажлын албаны 2008 оны 05 сарын 26-ны өдөр баталсан ажлын даалгаврын дагуу хот байгуулалт, зураг төслийн “Мон-Инжэкон” ХХК- д хийж гүйцэтгэлээ.
Чойрын районы нутаг дэвсгэрийн эрдэс түүхий эдийн баялагт суурилсан, өндөр технологи нутагшуулсан үйлдвэрлэл технологийн цогцолборыг байгуулах арга замыг тодорхойлоход мастер төлөвлөгөөний зорилго оршино.
“Чойр” ЭЗЧБ-ийн Үйлдвэр технологийн паркийн мастер төлөвлөгөөг боловсруулахдаа байгаль орчныг хамгаалах нийтлэг зарчимд тулгуурлан тухайн нутаг дэвсгэрийн экологийн даац, хот байгуулалтын багтаамжийг тооцсоны үндсэн дээр үйлдвэр технологийн паркийн тогтвортой хөгжлийг хангах, орон зай, нутаг дэвсгэрийн зохистой бүтэц, амьдралын ая тухтай орчныг бүрдүүлэх, хэтийн хөгжлийн чиглэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлохыг зорилоо.
Ажлын даалгаварт мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн төлөвлөлтийн хугацааг 2020 он, эхний ээлжийн барилгажилтын хугацааг 2012 он гэсэн үе шаттайгаар тусгасан болно.
Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги, Монгол улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал, Үйлдвэр технологийн парк байгуулж хөгжүүлэх тухай үндсэн чиглэл, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Төвийн бүсийн хөгжлийн хөтөлбөр, салбаруудыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, статистик мэдээлэл, гадаад орнуудын үйлдвэр технологийн паркийн судалгааны материалуудыг ашиглан, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зураг төслийн заавар, дүрэм, журам болон зах зээлийн хэрэгцээ, орон нутгийн санал, хүсэлтийг харгалзан боловсрууллаа.