User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

"Замын-Үүд" ЭЗЧБ

"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн цэс дотор нийслэл Улаанбаатар хотоос 670 км, Сайншанд хотоос 230 км, БНХАУ-ын Эрээн хотоос 8 км-т Монгол Улсын Их Хуралаас батлагдсан 900 га талбайг эзлэн оршдог.

"Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай" хуульд "Замын-Үүд" ЭЗЧБ нь үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, үйлчилгээ гэсэн үндсэн 3 хэлбэрийн үйл ажиллагаа явуулахаар тусгагдсан. Үүнд:

Үйлдвэрлэлийн чиглэл

Аудио, видео тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахим төхөөрөмж угсрах үйлдвэр, оёмол, сүлжмэл эдлэл, модон эдлэл, бэлэг дурсгалын зэрэг үйлдвэрүүд багтана. Эдгээр үйлдвэрлэл нь усны хэрэглээ багатай, хөрсний эвдрэлд нөлөөлөхгүй, байгаль орчинд халгүй, оюуны багтаамж өндөртэй, дэвшилтэт өндөр технологийн болон экспортын чиг баримжаатай байна.

Худалдааны чиглэл.

Биржийн арилжаа, ложистик төв, үзэсгэлэн худалдаа зонхилон эрхлэх худалдааны цогцолборыг бүтээн байгуулах бөгөөд бараа бүтээгдэхүүнийг агуулах, ангилж савлах, сав баглаа боодлыг сайжруулах нэмэгдэл үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүс нутгийн банк санхүү, холбоо мэдээллийн төвийг байгуулах юм.

Аялал жуулчлал, үйлчилгээний чиглэл

Аялал жуулчлалын төв, өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан, кафе, түргэн хоолны газар, мини гольфийн талбай, бооцоот морин уралдаан, тэмээн поло, шоу бизнесийг хөгжүүлэх, казиногийн үйл ажиллагааг эрхлэх, амралт цэнгээний иж бүрэн цогцолбор байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ГАДНАХ ДЭД БҮТЭЦ

Замын-Үүд сум. Монгол Улсын өмнөд хил дээр оршдог 47.8 мянган га нутагтай, 9800 орчим хүн амтай. Монгол Улсыг БНХАУ, улмаар дэлхийн бусад орнуудтай холбосон тээвэр газар зүйн тохиромжтой байрлалтай, манай орны гадаад худалдаа, зорчигч тээврийн зонхилох хэсгийг нэвтрүүлдэг хилийн гол боомттой нь чөлөөт бүс байгуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байна.

Цахилгаан эрчим хүч. Төвийн нэгдсэн эрчим хүчний системд холбогдсон 110 квт-ын цахилгаан дамжуулах дэд станцтай.

Дулаан хангамж. Дулааны хэрэгцээг 12 орчим уурын зуухаар хангаж байна.

Усан хангамж. Замын-Үүд сумын төвийн усны хэрэгцээг 110-150м гүний 9 худгаас хангадаг бөгөөд өдрийн хэрэглээ 1350м3, Замын-Үүд сумын төвөөс 11 км-т 200 орчим гүний метрээс 15л/секунд ундаргатай, хоногт 1300 м3 ус гаргах нөөцтэй цэг илрүүлээд байна. Замын-Үүд суманд цэвэрлэх байгууламж, цэвэр, бохир усны шугамын ажлын хөрөнгө оруулалтад зориулж 4.0 тэрбум төгрөгийг Засгийн газраас баталсан.

Төмөр зам. ОХУ, Монгол улс, БНХАУ-ыг холбосон төмөр зам Замын-Үүд сумыг дайран өнгөрдөг. Замын-Үүд өртөө нь 24 цагт Хятадын төмөр замтай өргөн царигаар ачааны 5 хос галт тэрэг, нарийн царигаар ачааны 2 хос галт тэрэг солилцох хүчин чадалтай.
Бараа шилжүүлэн ачих байгууламж нь жилд 12000 контейнер 2520 вагон сэлгэн ачих нийт хүчин чадал нь өргөн/Монгол/, нарийн/Хятад/ төмөр замын хооронд шингэн ачаа шилжүүлэн ачих байгууламж нь 3000 м2 бензин, 3000 м2 дизелийн түлш хадгалах багтаамж бүхий савтай, шилжүүлэн ачих хүчин чадал нь 2-3 цагт 180тн.

Авто зам. Ази Европыг холбосон олон улсын авто замын сүлжээ Замын-Үүдээр дайран өнгөрнө. Одоогийн байдлаар ОХУ-тай хил залгаа Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн АН-3/Asian highway/ зэрэглэлийн нийт 1000 км автозамын 600 км нь ашиглалтад орсон бөгөөд 2012 онд Замын-Үүд хүртэлх үлдсэн 400 км замыг барьж дуусгах юм.

Харилцаа холбоо. Өндөр хурдын шилэн кабель, ВиСат сансрын холбооны станцтай. Кабелийн телевиз, FM богино долгионы радио нэвтрүүлэг, суурин болон үүрэн телефон утас, интернет электрон шуудангийн үйлчилгээтэй.
Хил, гааль. Өдөрт 2000 зорчигч, 300 автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай. Хил, гааль, хяналтын үйлчилгээний иж бүрэн цогцолбор ажилладаг.
Замын-Үүд сумын үйлдвэрлэл, үйлчилгээ. Худалдаа, үйлчилгээний 70 гаруй цэг, 14 зочид буудал, 9 банкны салбар үйл ажиллагаа явуулж байна.

Замын-Үүд боомт. Энэхүү боомтоор Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 70 орчим хувь нь дамжиж байна. Судалгаагаар Замын-Үүд боомтын ачаа эргэлт өдөрт 3.7мянган тн, улиралд 240 мянган тн, жилд дунджаар 1 сая орчим байна.