User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

“Цагааннуур”-ын ХЧБ-ын эрх зүйн байдлын тухай

2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс /цаашид “Цагааннуур” бүс гэх/-ийн эрх зүйн байдлыг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.”Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн тухай хууль тогтоомж

2.1.”Цагааннуур” бүсийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.”Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэр

3.1.”Цагааннуур” бүс нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Их Хурлаас тогтоосон хилийн зааг бүхий газар нутагтай байна.

4 дүгээр зүйл.Орлогын албан татварын хөнгөлөлт, албан татвараас чөлөөлөх

4.1.”Цагааннуур” бүсэд цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ, цэвэр усан хангамж, авто, төмөр зам, телекоммуникацийн үндсэн сүлжээний салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгийг албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно.

4.2.”Цагааннуур” бүсэд агуулахын аж ахуй, ачиж буулгах байгууламж, зочид буудал барьж байгуулахад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс орлогын албан татвараас 5 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.

4.3.”Цагааннуур” бүсэд бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, хамгаалах, сав, баглаа боодлыг сайжруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа 10 болон түүнээс дээш жил ажиллахаар чөлөөт бүсийн захирагчийн ажлын албатай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс тооцон орлогын албан татвараас эхний жилд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.

4.4.”Цагааннуур” бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлэн чөлөөт бүсэд байнга оршин сууж байгаа иргэн, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлнө.

4.5.”Цагааннуур” бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлэн бүсэд байнга оршин сууж байгаа иргэн, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын өмчид байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд худалдан борлуулсан тохиолдолд ногдох орлогын албан татвараас чөлөөлнө.

5 дугаар зүйл.Газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт

5.1.”Цагааннуур” бүсэд дараахь чиглэлээр газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ:

5.1.1.худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний 3 жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө;

5.1.2.энэ хуулийн 4.1, 4.2-т заасан “Цагааннуур” бүсийн үндсэн дэд бүтцийг бүрдүүлэх ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний 5 жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн З жилд 30 хувиар хөнгөлнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

PDF: 49.93 KB