User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

“Замын-үүд” ЭЗЧБ-ийн эрх зүйн байдлын тухай

2003 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь “Замын-Yүд” эдийн засгийн чөлөөт бүс /цаашид “Замын-Yүд” бүс гэх/-ийн эрх зүйн байдлыг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. “Замын-Yүд” бүсийн тухай хууль тогтоомж

2.1.”Замын-Yүд” бүсийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Чөлөөт бүсийн тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.”Замын-Yүд” бүсийн нутаг дэвсгэр, хэлбэр

3.1.”Замын-Yүд” бүс нь Дорноговь аймгийн Замын-Yүд сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Их Хурлаас тогтоосон хилийн зааг бүхий газар нутагтай байна.

3.2.”Замын-Yүд” бүс үйлдвэрлэлийн, худалдааны, аялал жуулчлал-үйлчилгээний хэлбэрээс бүрдэнэ.

3.3. “Замын-Yүд” бүсэд казино байгуулж болно.

4 дүгээр зүйл. “Замын-Yүд” бүсийн хамгаалалт, улсын хил, шалган нэвтрүүлэх

4.1.Замын-Yүд” бүсийн харуул хамгаалалт, бүсэд шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллага гүйцэтгэнэ. Чөлөөт бүсийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь заалт ”Замын-Yүд” бүсэд хамаарахгүй.

4.2.”Замын-Yүд” бүсэд эрх бүхий байгууллагаас тогтоосон гаалийн байгууллага бүхий хилийн боомтоор нэвтрүүлнэ.

4.3.”Замын-Yүд” бүсэд нэвтрүүлэх журмыг хууль зүй, дотоод хэргийн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

5 дугаар зүйл.”Замын-Yүд” бүсийн татвар, төлбөр, түүний хөнгөлөлт, чөлөөлөлт

5.1.Чөлөөт бүсийн хэлбэрийг харгалзан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, газар эзэмшүүлж, ашиглуулах түрээсийн төлбөрийн хувь хэмжээг ялгавартай тогтооно.

5.2.”Замын-Yүд” бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлэн тухайн бүсэд байнга оршин сууж байгаа иргэн, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын өмчид байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд худалдан борлуулсан тохиолдолд ногдох орлогыг албан татвараас чөлөөлнө.

5.3.”Замын-Yүд” бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлэн тухайн бүсэд байнга оршин сууж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эхний 5 жилд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлнө.

5.4.”Замын-Yүд” бүсэд дараахь чиглэлээр албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ:

5.4.1.эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто, төмөр зам, харилцаа холбооны үндсэн сүлжээнд аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгийг албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно;

5.4.2.бүсэд агуулахын аж ахуй, ачиж буулгах байгууламж, зочид буудал барьж байгуулахад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс тухайн бүсээс олох орлогын албан татвараас 5 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн З жилд 50 хувиар хөнгөлнө;

5.4.3.”Замын-Yүд” бүсэд 10 болон түүнээс дээш жил ажиллахаар чөлөөт бүсийн захирагчийн ажлын албатай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс тооцон орлогын албан татвараас эхний жилд чөлөөлж, дараагийн З жилд 50 хувиар хөнгөлнө.

5.5.”Замын-Yүд” бүсэд дараахь чиглэлээр газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ:

5.5.1.худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний З жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө;

5.5.2.энэ хуулийн 5.4.1-д заасан бүсийн дэд бүтцийг бүрдүүлэх ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний 5 жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 30 хувиар хөнгөлнө.

6 дугаар зүйл. Валют ба санхүүжилт

6.1.”Замын-Yүд” бүсэд төлбөр тооцоог үндэсний болон гадаад валютаар хийнэ. Валютын зохицуулалтын журмыг Монголбанк тогтооно.

6.2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь валют солилцооны хяналтын албатай тохиролцсоны үндсэн дээр тус орны дотоодын банк, эсхүл гадаадын банкинд харилцах данс нээлгэж болно.

6.3.”Замын-Yүд” бүсэд байрлах банкны байгууллага нь валют солилцооны хяналтын албаны зөвшөөрлийг үндэслэн гадаад гүйлгээ явуулж болно.

6.4.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээд нь бүсэд байрлах нэгж, байгууллагад гадаад валютаар нэрлэсэн үнэт цаасыг шилжүүлж болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

PDF: 71.03 KB