User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ АЖ АХУЙН НЭГЖИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол улсын “Чөлөөт бүсийн тухай” хуулийн дагуу чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар /цаашид “аж ахуйн нэгж” гэх/, бүртгэх, татгалзах, өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

Хоёр. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг бүртгэх

2.1. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийг бүртгэх асуудлыг Монгол улсын “Чөлөөт бүсийн тухай” хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба шийдвэрлэнэ.

2.2. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж бүртгүүлэхдээ чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд:
2.2.1. Өргөдөл / загварын дагуу/;
2.2.2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
2.2.3. Шаардлагатай бол аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар;
2.2.4. Аж ахуйн нэгжийн дүрмийн хуулбар;
2.2.5. Хамтарсан компаний гэрээний хуулбар;
2.2.6. Үүсгэн байгуулагч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, товч намтар.

2.3. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба бүртгүүлэгчийн баримт бичгийг хүлээн авсан тухай тусгай тэмдэглэл хөтлөн бүртгүүлэгчид баримт олгож, бүртгүүлсэн дарааллын дагуу нэрсийг нь байршуулж албан ёсоор нийтлэх буюу вэб хуудсанд байршуулна.

2.4. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг бүртгэхдээ чөлөөт бүсийн бүртгэлийн жагсаалт хөтөлнө.

2.5. Чөлөөт бүсийн Захирагч өргөдлийг хүлээн авч хянан үзээд хуульд заасан шаардлага хангасан гэж үзвэл тухайн аж ахуйн нэгжийн өргөдлийг бүртгэж хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, бүртгэлийн гэрчилгээ олгоно.

2.6. Гадаад улсад бүртгэгдсэн аж ахуйн нэгжийг энэхүү журамд заасны дагуу бүртгэж, бүртгэлийн гэрчилгээ олгоно. Чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар нэгж улсын бүртгэлийн гэрчилгээ олгох бөгөөд энэ нь зөвхөн тухайн бүртгэгдсэн чөлөөт бүсэд хүчин төгөлдөр үйлчилнэ.

2.7. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь Гадаадын хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг цаг тухайд нь Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.8. Хэрэв тухайн аж ахуйн нэгж бизнесийн хүрээгээ тэлж Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах тохиолдолд “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын газарт холбогдох материалаа бүрдүүлэн өгч шийдвэрлүүлнэ.

2.9. Чөлөөт бүсэд бүртгэгдсэн аж ахуйн нэгж нь бусад аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болно. Энэхүү гэрээ нь Захирагчийн ажлын албатай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үйлдвэрлэл, үйлчилгээний хэлбэр, үйл ажиллагааны чиглэлд нийцсэн байна.

2.10. Чөлөөт бүсэд гэрээгээр хамтран ажиллах аж ахуйн нэгж энэхүү журамд заасны дагуу бүртгүүлж, бүртгэлийн гэрчилгээ авна.
Гурав. Аж ахуйн нэгжийг бүртгэхээс татгалзах

3.1. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба дараахь үндэслэлээр аж ахуйн нэгжийг бүртгэхээс татгалзаж болно. Үүнд:

3.1.1. Чөлөөт бүсэд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;
3.1.2. Бүсийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тухайн чиглэлийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

3.2. Чөлөөт бүсийн бүртгэлд бүртгэхээс татгалзсан бол энэ тухай бичгээр шийдвэр гаргаж, уг шийдвэрийг өргөдөл гаргагчид хүргүүлнэ.

3.3. Бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн хуулийн этгээд шүүхэд гомдол гаргаж болно.

Дөрөв. Аж ахуйн нэгжийн бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах

4.1 Аж ахуйн нэгж нь чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээ, үйл ажиллагааны чиглэлдээ өөрчлөлт оруулахад дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:

4.1.1 Өөрчлөлт оруулах тухай өргөдөл;
4.1.2 Өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагчдын шийдвэр;
4.1.3 Шинэчилсэн гэрээ, дүрэм;
4.1.4 Хөрөнгө оруулалтын гэрээнд оруулах өөрчлөлт.

4.2 Аж ахуйн нэгж нь гэрээ, дүрэмд орсон өөрчлөлтийг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд ажлын 5 хоногийн дотор мэдэгдэж, хөрөнгө оруулалтын гэрээ болон бүртгэлийн гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг хийлгэнэ.

4.3 Аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулах замаар байгуулсан тохиолдолд өмнөх аж ахуйн нэгжийн эрх, үүрэг дуусгавар болох бөгөөд татварын тооцоогоор гарсан өр, авлагыг барагдуулан бүртгэлээс хасна.

4.4 Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийг дараахь үндэслэлээр бүртгэлээс хасна. Үүнд:

4.4.1 Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээгээ эхлээгүй;
4.4.2 Үйл ажиллагаагаа эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа нь тасалдсан;
4.4.3 Дампуурал зарласан, татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
4.4.4 Чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа дуусгавар болсон;
4.4.5 Үүсгэн байгуулагчид үйл ажиллагаагаа зогсоох тухай шийдвэр гаргаж ирүүлсэн;
4.4.6 Эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээ нь эрүүл ахуйн норм, дүрэм, стандартад нийцээгүй, техник, тоног төхөөрөмж, технологийн түвшинд тавих шаардлага хангаагүй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
4.4.7 Хуульд заасан бусад үндэслэл.

4.5 Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжийг бүртгэлээс хасахад дараахь материалыг бүрдүүлж хувийн хэрэгт хавсаргана. Үүнд:

4.5.1 Гэрээг цуцлах тухай чөлөөт бүсийн Захирагчийн шийдвэр;
4.5.2 Чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээний эх хувь.

4.6 Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба аж ахуйн нэгжийг бүртгэлээс хассан тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт мэдээлнэ.

4.7 Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаад бүртгэлээс хасагдсан аж ахуйн нэгжийн бүртгэлийн хувийн хэргийг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба холбогдох зааврын дагуу бүрдүүлж архивт шилжүүлнэ.

PDF: 72.89 KB