User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Чөлөөт бүсэд шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулах журам

Нэг. Нийтлэг үндэслэл
Улсын онц чухал объект болох чөлөөт бүс /цаашид “Чөлөөт бүс гэх/-д хамгаалалтын дэг журам сахиулах, зорчигч, тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Шалган нэтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
2.1. Чөлөөт бүсэд зорчигч, тээврийн хэрэгслийг зөвхөн шалган нэвтрүүлэх байр, шалгах бүсээр нэвтрүүлнэ.
2.2. Чөлөөт бүсийн шалган нэвтрүүлэх байр тусгайлан төхөөрөмжлөгдсөн байх бөгөөд энэ нь хилийн шалган нэвтрүүлэх цогцолбороос болон Монгол Улсын нутаг дэвсгэрээс орох, гарах зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх боломжтой байна.
2.3. Шалган нэвтрүүлэх бүсийг дараахь байдлаар төхөөрөмжилнө. Үүнд:
2.3.1. Замын хаалт ба хөдөлгөөн хориглох саад.
2.3.2. Тээврийн хэрэгслийн хурдыг хязгаарлах болон хөдөлгүүрийг унтраахыг анхааруулсан тэмдэг.
2.3.3. Үзлэг хийх талбай.
2.3.4. Шалган нэвтрүүлэх бүсийн гэрэлтүүлгийн хэрэгсэл.
2.3.5. Зорчигчдийг шалган нэвтрүүлэх гарц.
2.3.6. Хориотой болон шалгалтын бүсийг тогтоосон тэмдэг, заалт.
2.4. Чөлөөт бүсэд дараахь баримт бичгээр зорчуулна. Үүнд:
2.4.1. Захирагчийн ажлын албаны албан хаагчдыг ажлын газрын үнэмлэхээр.
2.4.2. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу ажлын газрын үнэмлэхээр.
2.4.3. Албан ажлын зайлшгүй шаардлагаар Чөлөөт бүсэд нэвтрэх төрийн албан хаагчдыг ажлын газрын үнэмлэхээр.
2.4.4. Гадаадын иргэдийг тэдний гадаад паспортыг үндэслэн бүртгэж нэвтрэх үнэмлэхгүйгээр.
2.4.5. Чөлөөт бүсэд нэвтрэх бусад хүмүүсийг нэг удаа нэвтрэх эрхийн үнэмлэхээр.

2.5. Чөлөөт бүсэд нэвтрэх нэг удаагийн эрхийн үнэмлэх нь иргэний үнэмлэх буюу түүнийг орлох баримт бичгээр, 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээгээр баталгаажина.
2.6. Чөлөөт бүсэд нэвтрэх тээврийн хэрэгслийг урьдчилан өгөгдсөн улсын дугаартай тулгаж шалган нэвтрүүлнэ.
2.7. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг урьдчилж өгөөгүй тохиолдолд бүсэд нэвтрэх эрхийн үнэмлэхийг үндэслэн шалган нэвтрүүлэх байрны даргын шийдвэрээр нэвтрүүлнэ.
2.8. Чөлөөт бүсэд үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан тохиолдолд эмнэлгийн түргэн тусламж, галын болон осол, аваарын дуудлагаар ирсэн автомашинуудыг шалгалтгүй нэвтрүүлнэ.
Гурав. Шалган нэвтрүүлэх байрны албан тушаалтнуудын үүрэг
3.1. Шалган нэвтрүүлэх байрны дарга нь чөлөөт бүсийн Хамгаалалтын тусгай салбарын захирагчид захирагдаж, чөлөөт бүсэд зорчигч, тээврийн хэрэгслийг тогтоосон журмын дагуу шалган нэвтрүүлэх ажлыг хариуцаж дараах үүрэгтэй ажиллана. Үүнд:
3.1.1. Чөлөөт бүсэд зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журмыг мөрдүүлж, биелэлтэд хяналт тавих.
3.1.2. Шалган нэвтрүүлэгчдийг удирдаж, тэдний үйл ажиллагааг хянах, шаардлагатай тохиолдолд шалгалтыг биечлэн хийх.
3.1.3. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд шалган нэвтрүүлэх ажиллагаатай холбогдсон асуудлыг өдөр тутам танилцуулж, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.
3.1.4. Шалган нэвтрүүлэх байраар нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх. Өдөрт шалган нэвтрүүлсэн зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа барааны жагсаалтыг хэвлэж салбарын захирагчид өгөх.
3.1.5. Чөлөөт бүсэд гал түймэр, гэнэтийн бусад аюул, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гарсан үед шалган нэвтрүүлэх ажиллагааг шаардлагатай бол зогсоох хүртэл арга хэмжээ авах.
3.1.6. Хугацаа дууссан, эсхүл зөрчилтэй нэвтрэх эрхийн үнэмлэхийг хурааж авах.
3.2. Шалган нэвтрүүлэгч нь зөвхөн шалган нэвтрүүлэх байрны даргад захирагдах бөгөөд Чөлөөт бүсэд нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийг тогтоосон журмын дагуу нэвтрүүлэх, хамгаалалтын бүсэд дэг журамд сахиулах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
3.2.1. Зорчигч, тээврийн хэрэгслийн нэвтрэх эрхийн үнэмлэх, холбогдох бусад бичиг баримтыг тулгаж, шалган нэвтрүүлэх.
3.2.2. Тээврийн хэрэгслийн доод анги, тэвш, ачааны хэсэгт үзлэг хийх.
3.2.3. Хугацаа дууссан нэвтрэх эрхийн үнэмлэхтэй буюу бичиг баримтын бүрдэл дутуу, чөлөөт бүсэд нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл илэрсэн тохиолдолд зорчигч, тээврийн хэрэгслийг саатуулж, шалган нэвтрүүлэх байрны даргад мэдэгдэх.
3.2.4. Шалган нэвтрүүлэх явцад үүссэн асуудлын талаар шалган нэвтрүүлэх байрны даргад тогтоосон журмын дагуу танилцуулж илтгэх.
3.2.5. Шалган нэвтрүүлэх байр, хамгаалалтын бүсэд хяналт тавьж, дэг журмыг сахиулах.
Дөрөв. Чөлөөт бүсйн Захирагчийн ажлын албаны эрх, үүрэг
4.1. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хэвийн явуулах боломж нөхцөлийг бүрдүүлж, шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа болон уг журмын биелэлтэд хяналт тавьж ажиллана.
4.2. Чөлөөт бүсэд нэвтрэх эрхийн үнэмлэхийн зориулалт, хүчинтэй байх хугацаа, загвар, нууцлалыг тогтоож хэвлүүлэх ба түүний зарцуулалтад хяналт тавина.
4.3. Шалган нэвтрүүлэх байрыг шаардлагатай тоног төхөөрөмж /холбоо, гэрэлтүүлэгийн хэрэгсэл, компьютер, хяналтын камер гэх мэт/, тавилга хэрэгсэлээр хангана.

PDF: 77.56 KB