User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

ЧӨЛӨӨТ БҮСЭД МОНГОЛ УЛСЫН ИРГЭН, ГАДААДЫН ИРГЭН, ХАРЪЯАЛАЛГҮЙ ХҮН ЗОРЧИХ, ОРШИН СУУХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Чөлөөт бүс”-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн зорчих, оршин суухтай холбогдсон харилцааг Чөлөөт бүсийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Иргэний бүртгэлийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт болон энэхүү журмаар зохицуулна.

1.2. Монгол Улсын иргэдийн Чөлөөт бүсэд зорчих, оршин суух харилцааг зохицуулах, бүртгэх, мэдээлэх үйл ажиллагааг Чөлөөт бүс дэх иргэний бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан ажилтан эрхлэн явуулна.

1.3. Чөлөөт бүсэд зорчих, оршин суух гадаадын иргэн, хаъяалалгүй хүний зөвшөөрөл, бүртгэл, тэдгээрт хяналт тавих ажиллагааг Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын Сэлэнгэ аймаг дахь албаны чөлөөт бүсийн асуудал хаиуцсан ажилтан /цаашид “Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтан” гэх/ эрхлэн явуулна.

Хоёр. Монгол Улсын иргэн Чөлөөт бүсэд зорчих, оршин суух

2.1. Монгол Улсын иргэн дараахь баримт бичгийн аль нэгийг ашиглан Чөлөөт бүсэд зорчино:

2.1.1. Монгол Улсын иргэний үнэмлэх;

2.1.2. Монгол Улсын иргэн 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ;

2.1.3. Гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн бол гадаад паспорт;

2.1.4. Албан ажлын зайлшгүй шаардлагаар Чөлөөт бүсэд нэвтрэх төрийн албан хаагч ажлын газрын үнэмлэх;

2.1.5. Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас олгосон нэвтрэх эрхийн үнэмлэх;

2.1.6. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд ажлын газрын үнэмлэх.

2.2. Монгол Улсын иргэний баримт бичгийн хугацаа дууссан, хүчингүй болсон тохиолдолд Чөлөөт бүсэд нэвтрүүлэхгүй.

2.3. Монгол Улсын иргэн Чөлөөт бүсэд оршин суух зөвшөөрлийг Чөлөөт бүсийн Захирагч олгоно.

2.4. Чөлөөт бүсэд оршин суух зөвшөөрөл хүсэгч Монгол Улсын иргэн Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд дараахь баримт бичгийг бүрдүүлж өгнө:

2.4.1.Оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл;

2.4.2.Иргэний үнэмлэхний хуулбар;

2.4.3.Гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн бол үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;

2.4.4.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах буюу хөдөлмөр эрхэлж байгаа тухай албан ёсны тодорхойлолт;

2.4.5.Зураг /3.5х4.5/ 2 хувь.

2.5. Захирагчийн ажлын алба хүсэлтийг ажлын 4 хоногт багтаан шийдвэрлэнэ.

2.6. Чөлөөт бүсэд оршин суух хугацааг тухайн иргэний уг бүсэд үйл ажиллагаа явуулах хугацаатай уялдуулан тогтооно.

2.7. Чөлөөт бүсэд орсон, гарсан, оршин сууж байгаа Монгол Улсын иргэний бүртгэл, шилжих хөдөлгөөний бүртгэлийг уг бүс дэх иргэний бүртгэл мэдээллийн ажилтан эрхэлнэ.

2.8. Чөлөөт бүсэд оршин суух зөвшөөрөлтэй иргэний эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхэд болон шууд асрамжинд байгаа эцэг, эх, 18 насанд хүрсэн боловч гэрлээгүй хүүхдийг түүнийг нэгэн адил бүртгэнэ.

2.9. Иргэнийн бүртгэлд овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, хүйс, регистрийн дугаар, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ эсвэл гадаад паспортын дугаар, Монгол Улсад оршин суугаа хаяг, Чөлөөт бүсэд орсон, гарсан огноо зэрэг мэдээллийг тусгаж, мэдээллийн санд оруулна.

2.10.Чөлөөт бүс дэх иргэний бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан ажилтан нь Монгол Улсын иргэнийн гэр бүлийн байдлын, хүн амын өрхийн, иргэний үнэмлэхний, үндэсний энгийн гадаад паспортын болон шилжих хөдөлгөөний талаархи иргэний бүртгэлийг хөтөлж, холбогдох тайлан мэдээг гаргаж, зохих журмын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирүүлж байна.

Гурав. Гадаадын иргэн, харъяалалгүй хүн чөлөөт бүсэд зорчих, оршин суух

3.1. Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Чөлөөт бүсэд зорчихдоо хүчин төгөлдөр гадаад паспорт буюу түүнийг орлох баримт бичигт виз авах бөгөөд уг виз нь зөвхөн тухайн Чөлөөт бүсэд үйлчилнэ.

3.2. Чөлөөт бүсэд виз олгох хялбарчилсан журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар батална. Хилийн шалган нэвтрүүлэх боомтод Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтан виз олгож, “чөлөөт бүс“ гэсэн тэмдэглэл хийж, визийн тэмдэг, дугаарыг дарж, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

3.3. Монгол Улсад орох, орох-гарах визтэй гадаадын иргэн, харъяалалгүй хүн Чөлөөт бүсэд зорчихдоо визний хүчинтэй хугацаанд дахин виз авах шаардлагагүй.

3.4. Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, харъяалалгүй хүн оршин суух зөвшөөрлийн хугацаанд Чөлөөт бүсэд визгүй зорчиж болно.

3.5. Монгол Улстай иргэд харилцан визгүй зорчих талаар гэрээ, хэлэлцээр байгуулсан гадаад улсын иргэн гэрээ, хэлэлцээрт заасан хугацаанд Чөлөөт бүсэд визгүй зорчино.

3.6. Чөлөөт бүсэд оршин суух зөвшөөрөл хүсэгч гадаадын иргэн, харъяалалгүй хүн Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтанд дараахь баримт бичгийг бүрдүүлэн өгнө:

3.6.1. Оршин суух зөвшөөрөл хүссэн хүсэлт;

3.6.2. Чөлөөт бүс дэх хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагаас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл;

3.6.3. Гэр бүлийн гишүүн бол гэрлэлтийн баталгааны хуулбар;

3.6.4. Хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох баримт бичгийн хуулбар;

3.6.5. Хүчин төгөлдөр гадаад паспорт буюу түүнийг орлох хуувь ёсны баримт бичиг;

3.6.6. Зураг /3.5х4.5/ 2 хувь.

3.7. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба ажлын 4 хоногт багтаан хүсэлтийг шийдвэрлэнэ.

3.8. Чөлөөт бүсэд оршин суух зөвшөөрлийг сунгах хүсэлтийг уг оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 5-аас доошгүй хоногийн өмнө энэ журмын 3.6-д заасан баримт бичгийг бүрдүүлэн Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтанд гаргана.

3.9. Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, харъяалалтгүй хүний эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхэд болон шууд асрамжид байгаа эцэг, эх, 18 нас хүрсэн боловч гэрлээгүй хүүхдийг түүний нэгэн адил бүртгэнэ.

3.10. Чөлөөт бүсэд 31-90 хоногийн хугацаагаар зорчих гадаадын иргэн, харъяалалгүй хүн Чөлөөт бүсэд нэвтэрснээс хойш ажлын 7 хоногт багтаан Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтанд бүртгүүлж, буцахдаа бүртгэлээс хасуулна.

3.11. Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтан гадаадын иргэний паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичигт “зөвшөөрөл” гэсэн дардас дарж, бүртгэлийн дугаар, олгосон он, сар, өдөр, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, чөлөөт бүсийн нэрийг бичиж, эрх бүхий ажилтан гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулан, бүртгэлийг мэдээллийн санд оруулна. Бүртгэлээс хасахдаа паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичигт “хасав” гэсэн дардас дарж, зохих тэмдэглэл хийнэ.

3.12. Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтан гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүсийн асуудлаар дараахь чиглэлээр дэлгэрэнгүй мэдээг нэгтгэн долоо хоног, сар, улирал, хагас, бүтэн жилээр тайлан гаргаж, тухай бүр Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газарт хүргүүлнэ:

3.12.1. Гадаадын иргэн, харъяалалгүй хүнд виз олгосон мэдээ;

3.12.2. Чөлөөт бүсэд зорчсон болон оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй хүний бүртгэл;

3.12.3. Захиргааны арга хэмжээ авагдсан болон гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэн, харъяалалгүй хүний мэдээ.

Дөрөв. Бусад зүйл

4.1. Хууль тогтоомж, дүрэм, журам болон энэхүү журмыг зөрчсөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хнд иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын Улсын байцаагч, гадаадын иргэн, харъяатын бүртгэл, зөвшөөрөл, визийн хяналтын Улсын байцаагч Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу тус тус хариуцлага ногдуулна.

4.2. Чөлөөт бүсэд зорчих, оршин сууж байхдаа зөрчил гаргаж захиргааны арга хэмжээ авагдсан болон гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэн, харъяалалгүй хүний талаархи мэдээллийг эрх бүхий байгууллага зохих журмын дагуу тухай бүр харилцан солилцоно.

4.3. Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар захиргааны зөрчил давтан гаргасан, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг Чөлөөт бүс болон Монгол Улсаас албадан гаргах, Чөлөөт бүсэд тодорхой хугацаагаар нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах тухай саналаа зохих журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьж шийдвэрлүүлнэ.

4.4. Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтан, Чөлөөт бүс дэх Иргэний бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан ажилтан дангаар болон Чөлөөт бүс дэх хяналтын бусад байгууллагуудтай хамтран Чөлөөт бүсэд зорчигч, оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүний бичиг баримтад шалгалт хийж болно.

Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

PDF: 96.18 KB