User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

ЧӨЛӨӨТ БҮСЭД ВИЗ ОЛГОХ ХЯЛБАРЧИЛСАН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Чөлөөт бүсэд зорчих Монгол Улсын виз хүссэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгоход Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Иргэдийн харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг энэхүү журам хөндөхгүй.
1.3. Энэ журмаар зохицуулаагүй харилцааг Засгийн газрын 2003 оны 75 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар зохицуулна.
Хоёр. Чөлөөт бүсэд виз олгох
2.1 Чөлөөт бүс дэх Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын ажилтан дипломат, албан зэргээс бусад визийг төвийн зөвшөөрөлгүйгээр, урилгагүйгээр олгоно.
2.2 Чөлөөт бүс дэх Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын ажилтан гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр дипломат, албан зэргийн виз олгож болно.
2.3 Чөлөөт бүсэд олгосон виз зөвхөн чөлөөт бүсэд үйлчилнэ.
2.4 Визийг хүчин төгөлдөр гадаад паспорт буюу түүнийг орлуулах хууль ёсны баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно.
2.5 Чөлөөт бүсэд олгосон визтэй, чөлөөт бүсэд оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн Монгол Улсын бусад нутаг дэвсгэрт зорчих бол тухайн чөлөөт бүсийг хамаарах хилийн боомтоос виз олгох ердийн журмын дагуу виз авсан байна.
2.6 Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаанд чөлөөт бүсэд визгүй зорчино.
2.7 Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас олгосон Монгол Улсад орох, орох-гарах визтэй гадаадын иргэн чөлөөт бүсэд зорчихдоо визийн хүчинтэй хугацаанд дахин виз авах шаардлагагүй.
2.8 Чөлөөт бүсэд бүх ангиллын визийг нэг, хоёр, олон удаагийн ялгавартайгаар дор дурьдсан “орох”, “орох-гарах”, “гарах”, “гарах-орох” зориулалтаар олгоно.
2.8.1. Чөлөөт бүсэд 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух бол “орох”
2.8.2. Чөлөөт бүсэд 90 хоногийн хугацаагаар оршин суух бол “орох-гарах”
2.8.3. Чөлөөт бүсэд оршин сууж байгаа гадаадын иргэн чөлөөт бүсээс гадаад улс руу гараад буцаж буцаж ирэх бол “гарах-орох”
2.8.4. Чөлөөт бүсэд оршин сууж байгаа гадаадын иргэн чөлөөт бүсээс гадаад улс руу гарч явах бол “гарах”
Гурав. Бусад зүйл
3.1 Чөлөөт бүсэд олгосон визэнд “чөлөөт бүс” гэсэн тэмдэглэл хийж, визийн тэмдэг дарж, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.
3.2. Чөлөөт бүс дэх Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын ажилтан визийн үйлчлэх хугацааг сунгах, хүчингүй болгох, визийн зэрэг, ангилал өөрчлөх үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлнэ.
3.3. Чөлөөт бүсэд виз олгох үйлчилгээг ажлын 1 өдөрт багтаан хийнэ.
3.4. Чөлөөт бүсэд виз олгох үйлчилгээний хураамжийн хэмжээг холбогдох хууль, тогтоомж, хоёр болон олон талт гэрээний дагуу тогтооно.

ХУУЛЬ, ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

PDF: 67.94 KB