User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Сайншандыг Монголын хөгжлийн зүтгүүр болно гэв

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭРТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөн­хий­лөгч Цахиа­гийн Эл­бэг­дорж өнгөрсөн баа­сан, бямба гаригт Дорно­го­вийн Замын Үүд, Сайн­шанд, Говьсүмбэрийн Чойрт ажиллалаа. Тэр­бээр төрийн тэргүү­нээр сонгогдон ажиллаж бай­гаа хуга­цаандаа бүх айм­гуудад очиж, ард иргэ­дийнх нь амьдрал ахуй, асуудал­тай нь танилцаж ажиллахаар төлөв­лөс­нөө­рөө яваад өндөрлөж байгаа ажээ. Энэ удаа­гийн газрууд нь төмөр зам дагасан, хилийн, бас сүү­лийн үед яригдаад байгаа аж үйлдвэрлэлийн цог­цолборыг байгуулах га­зар учраас ярьж хэлэлцэх асуудал ихтэй газрууд байлаа. Тэрбээр томи­лолтоо Замын-Үүдээс эхэлсэн юм.

ЗАМЫН-ҮҮД

Замын-Үүдэд буусан даруйдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эдийн засгийн чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байранд очиж бай­далтай газар дээр нь танилц­сан юм. Замын-Үүдийн чөлөөт бүсийн талаар яриад чамгүй олон жил өнгөрчээ. Гэхдээ тэнд нэг байшингаас өөр зүйл босоогүй талаар хүмүүс их ярьдаг. Харин энэ томилолтын үеэр Замын-Үүдийн чөлөөт бүс цуу яриа, мөрөөдөл биш бодит ажил болох замдаа орсон гэдгийг хүмүүс хэлж байлаа. Одоогоор 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулал­таар хашаа хам­гаа­лалт, цахилгаан дамжуулах шугам, трансформаторын дэд станц, хөрсний инженер геологийн болон хот төлөвлөлтийн тойм судал­гаа, байгаль орчны нарийв­чилсан үнэлгээ, усны хайгуул, усан хангам­жийн судалгаа хийгээд бай­гаа талаа­раа ярьж байв. Ямартай ч төрийн тэргүүнээ ирэхэд хэлсэн энэ үгээр бол хоёрхон жилийн дараагаас он удтал яригдсан Замын-Үүдийн чөлөөт бүс үйл ажиллагаагаа явуулаад эхлэх нь бололтой. Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж ч "Нэг үеэ бодвол урагшилсан байгаа нь сайн хэрэг. Газар дээр нь байдлыг харж ажилд нь дэмжлэг урам өгч, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах зорилготой ирсэн" гэдгээ хэлж байсан. Улс орныхоо өмнөд хаалганд ирсэн төрийн тэргүүн чөлөөт бүсээс гадна гааль хилийн үйл ажил­лагаа, га­даа­дын иргэн харьяат, төмөр за­мын үйл ажиллагаатай танилцсан. Тэр дундаа хил гаалиар хар тамхи, алт биедээ нууж авч гарч байгаа байдал бас гаднаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хэрхэн анхаарч байгааг нэлээд нухацтай асууж байсныг хэлэх хэрэгтэй.

Ерөнхийлөгч Замын-Үүдийн иргэд­тэй уулзахдаа "Хөдөө орон нутагт ажиллаж байхдаа төрийн тэргүүний хувьд хийж байгаа ажил, төр засгаас хийж байгаа ажлуудаа ярьж танил­цуулаад явдаг ч Замын-Үүдэд энэ газар оронтой холбоо­той асуудлыг хөндөж ярих нь зүйтэй гэж үзэж байна. Замын-Үүд түүнээс хэдхэн метрийн зайтай байгаа Эрээний хөгжлийг байнга харьцуулж ярьсаар ирсэн. Ийм зөрүү­тэй ялгаатай байгаад олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь өдий олон жилийн хугацаанд Замын-Үүдийг төмөр замын нэг өртөө гэж харж тооцож ирсэнтэй холбоотой. Одоо энэ газар өртөө биш 20 гаруй мянган хүнтэй хот болж байна. Төмөр замын бай­гуул­лага энэ олон жилийн хугацаанд ачааны хүндийг үүрч ирсэнд бид баярлалаа гэж хэлэх ёстой. Одоо төр засаг энэ үүргээ хүлээн авч ажиллах цаг болсон. Ердөө 2010 онд л Замын-Үүдийн ерөнхий төлөвлөгөө гэж батлагдлаа шүү дээ. Замын-Үүдэд усны асуудал, гэрэл цахилгаан, цэвэрлэх байгуу­ламж гээд шийдэх зүйл олон бай­на. Газар олголтын асуудалд эх­нээс нь ил тод, тодорхой зарчмаар ажиллах шаардлагатай. Хилийн цаана салхин сэнс олноороо ажил­лаж байна. Говийн нар, салхийг хэрэглэж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, усаа эргүүлэн ашиглах тухайд эхнээс нь анхаарч ажиллах хэрэгтэй байна. Эндхийн бас нэг тулгамдсан асуудал бол цаад талаас найман урсгалаар авто­замын урсгал орж ирж байхад энд хоёр замаар л хүлээж авч байгаа явдал. Өөрөөр хэлбэл нөгөө тал 80 литрийн бидоноор ус зөөвөрлөхөд бид хорьтын бидонтой очиж бай­гаа­тай адил байна. Энэ бол Замын-Үүдийн хамгийн том тул­гамд­сан асуудал мөн. Одоо эхний шатанд 40 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж байна. Үүнийг ямар хөрөнгө оруу­лалтаар олж болох талаар хамтдаа ярьж, шийдэцгээе" хэмээж байсан. Замын-Үүдийнхэн ч Ерөнхийлөгч­тэй хийсэн уулзалтын үеэр өөр өөрийн харж байгаа өнцгөөрөө асуудлаа тавьж, бас зарим нь хувийн хүсэлт бодлоо ч хэлээд авч байлаа. Хилээр хуучны орос ма­ши­нуудыг гаргахгүй гэсэн шийдвэр гаргасан нь олон хүний эрхийг зөрчиж байгаа, Монголын нүүрс, төмрийн хүдрийг урагшаа зөөгөөд дууслаа, Японы тусламжаар баригд­сан 60 айлын сууцанд амьд­ран суудаг хүмүүс хэзээ байраа хувьчилж авах вэ, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд болдог байдлыг болиулмаар байна, хүнд өвчин туссан ой гаруй настай хүүд тусалмаар байна, Японы сургуу­лиас урилга авсан хүүхдийг Зас­гийн газрын тэтгэлэгт хамруулж туслаач, Засаг дарга М.Баянмөнх шударга ажиллах­гүй байна гээд хүмүүс өөр өөрийн­хөөрөө л чухал хэмээсэн асуудлууд дэлгэн тавьж байлаа. Тэр дундаас иргэн н.Цэ­рэн­дорж Ерөнхийлөгчийн чуул­ган дээр хэлсэн үгнүүдийг нь нэгбүрч­лэн ишилж та ингэж хэлсэн, үүний­хээ хэрэгжилтэд хэрхэн анхаарч байна гэж ирээд л асууж байлаа. Ялангуяа "Та төрийн албан хаагч­дад ардаа алагчлан үзэхгүй бай­хыг анхаа­руулж байсан. Бас төрийн албыг өөрийн алба болгож байгааг шүүмжлэн хэлж байсан. Үүнийг үнэхээр анхааруулж ажил­ламаар байна" гэсэн юм. Замын Үүдийнхэнтэй үг солиход нэлээд хүний амнаас Засаг дарга М.Баян­мөнхтэй холбоотой газрын асуу­дал, Мэргэжлийн хяналтын газрын даргын­хаа дөрвөн шүдийг бул­галж цаадах нь шүүхэд өгсөн, хуурамч дипломын хэрэг, Замын-Үүд сангийн буруу зарцуулалт энэ тэр гэсэн яриа гарч байсныг хэлэх хэрэгтэй байх. Залуу Засаг дарга ч цаашдынхаа хэрэгт анхаарч ажил­лах биз ээ. Ер нь манай­хан шу­дарга улсууд. Даргаа Ерөн­хий­лөгчтэй зэрэгцээд сууж байхад л улалзтал хэлээд орхидог. Тэнд үг хэлсэн олон хүн Монгол төрийн тэр­гүүн бол ард түмнийхээ аав нь учраас хэлэх үгээ хэлмээр байна гэж тодот­госоор санал бодлоо хуваалцаж байна лээ. Тэдний хувьд "аав"-ынх нь гарга­сан архи биш сүү өргөж амьдрах уриалга нь хамгийн сэтгэлд ойр санаачилга байсан гэдгийг хэлж байсан. Дарга томчуудтай хийж буй уулзалт дээр хорь гаруйхан настай залуучууд ирж, "Таны архигүй Монгол уриал­гыг бид дэмжиж байгаа. Бид шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэ­сэн. Ийм уриалга гаргасан танд баярлалаа" гэж хэлэхийг харахад аятай санагдаж байсныг хэлэх хэрэгтэй байх аа. Замын-Үүдийн­хэн лав сард гурван ч удаа архи зардаггүй өдөртэй болсон гэнэ. Сарын эхний өдөр, бас дунд талын хоёр баасан гариг гэсэн. Бас бид­нийг очдог өдөр сарын эхний баасан байсан ч гэсэн Ерөнхийлөг­чийг ирсэн болоод тэр үү дэлгүүрүүд нь архи зардаггүй өдөр гээд бичиг хадаж шилтэй цэнхрүүдийг бүгдийг нь бүтээчихсэн байна лээ.

Ерөнхийлөгч ч "Архиар нэгийгээ шахдаг нь гэмт хэрэгт тооцогдох хэмжээнд бид үздэг болох хэрэгтэй гээд төсвийн мөнгөөр ганц шил архи ч худалдан авч болохгүй" хэмээн үзэж байгаагаа хэлсэн.

САЙНШАНД

Замын-Үүдээс Сайншандад ирсэн даруйдаа Ерөнхийлөгч шинээр ашиглалтад орсон засмал зам, өмнөд бүсний шинэ төмөр замын барилгын явц, мэргэжлийн сургалт үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, "Аж үйлдвэрийн парк"-ийн талаар мэдээлэл авч, танил­цав. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг "Шинэ Дорноговь" хөгжлийн хөтөлбөрийг нийтээрээ хэлэлцэн гаргаж, их бүтээн байгуу­лалтыг эхлүүлээд буйгаа ярьж байсан билээ. Гадаадад сургууль соёл төгсч ирсэн дарга нь боловс­ролтой залуу эрч хүчтэй хүмүүсээр багаа бүрдүүлж, томоохон зорилго тавиад ажиллаж байгаа юм болов уу хэмээн анзаа­рагдсаныг хэлэх хэрэгтэй байх. Бас Сайншандад Аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэр гарсан нь тэднийг хийх шийдэх их ажилтай болгожээ гэдэг нь харагдаж байсан. Аймгийнхаа төвийн салхин дор байгуулах аж үйлдвэрийн парктайгаа зэрэгцүү­лээд эко таун буюу байгаль орчинд ээлтэй хотхоныг байгуулахаар төлөвлөжээ. Газрын гүний дулаан, салхи, нарны эрчим хүчээр цахил­гаан дулаанаа шийдээд явахаар төлөвлөж байгаа гэдгээ хэлж бай­сан. Ер нь хийнэ бүтээнэ, ийм төлөвлөгөө байна гэсэн ажил хэрэгч яриа энэ үеэр олонтоо сонстсон шүү.

"Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэт­гэх захирал Б.Батзаяа ч ингэж ярьж байсан. Монголчууд дангаа­раа хариу­цах энэ төмөр замын байгууллага анх байгуулагдах 2009 онд 13 сая, 2010 онд 975 сая, 2011 онд 2.5 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байгаа юм. 5600 км төмөр замыг гурван үе шаттай барьж эхлэх бөгөөд ТЭЗҮ нь бэлэн болоод хөрөнгө оруулал­тын асуудлаа хараад сууж байгаа аж. Б.Батзаяа захирлын хэлснээр дэлхийд нэр хүндтэй 12 банк энэ төсөлд оролцоход бэлэн буйгаа илэрхийлжээ. Ерөнхий­лөгч түүнээс хөрөнгө оруулалт хэзээ­нээс хойш хүлээгдэж байгааг лавла­сан бө­гөөд өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс хойш мөнгөө хүлээж бай­гаа, Хөгжлийн банкинд өнгөрсөн арван­хоёрдугаар сард 20 сая ам.дол­лар орж ирсэн ч одоогоор уг төсөлд мөнгө гаргаагүй байгаа гэсэн хариултыг авсан. Ерөнхий­лөгчийг дагалдан яваа албаны хүмүүсийн бүрэлдэхүүнд Дорно­говиос сонгогдсон хоёр Бат­суурь гишүүн, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Улаанбаатар Төмөр замын дарга Г.Очирхүү гээд олон албаны хүмүүс явсан нь харил­цан ойлголцож шийдэл оло­ход дөхөм байсан. Аж үйлдвэрийн парк байгуулах талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун танил­цуулсан бөгөөд зэс хайлуулах, нүүрс шин­гэрүүлэх гээд бүхий л үйлдвэ­рүүдийн техник эдийн засгийн үзүү­лэлтийг гаргахдаа урьд нь энэ чиглэ­лээр ажиллаж байсан хувийн хэвш­лийнхний гаргасан судалгаан дээр үндэслэх бодолтой байгаагаа хэлж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж ч Төмөртэйн уул хилийн цаана нүүгээд гарах нь хэмээн анхааруулсан бөгөөд усаа дахин ашиглах зэргээр анхнаас нь ашигтай боломжтой хувилбаруу­дыг авч хэрэглэхийг сануулж бай­сан юм. Мөн Монголдоо хамгийн томд тооцог­дох Мэргэжлийн сур­галт үйлчилгээний төвийг энд бай­гуулж, томоохон машин техникийг ажиллуулах, засварлах боловсон хүчнээ энд бэлдэх болсныг сайшааж байлаа.

Тэрбээр иргэдтэй уулзсан уул­залт дээрээ ч хийж бүтээнэ гэсэн бүхий л зөв санаачилгыг төрийн тэргүүний хувьд дэмжихэд бэлэн байгаа гэдгээ дахин дахин хэлж байсан. Өнгөрсөн зууны хамгийн том бүтээн байгуулалт гэгдэх Эрдэнэт бол ганц зэс баяжуул­даг бол энд бүхий л төрлийн үйлдвэр байгуулагдах гэж байна. Мөн мон­гол­­чууд өөрсдөө бараа бүтээгдэ­хүүнээ авч хил даваад, хүний хэлсэн үнээр биш өөрсдөө эндээ суугаад хүссэн үнээрээ өгөх цаг болсон гэж байв. Тэрбээр "Сайн­шандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдсэн нь учиртай. Далайд гарцтай байна гэдэг нь дэлхийн зах зээлд гарцтай байхыг хэлж байгаа хэрэг юм. Тэгвэл дэл­хийн хамгийн том зах зээл бол манай өмнөд хөрш боллоо. Дэл­хийн хамгийн том зах зээлд ойрхон ийм байршилтай учраас Сайн­шан­дад аж үйлдвэрийн цогцол­борыг барих болсон. Сайншан­даар хуучин вагоны зүтгүүр л өнгөрдөг байсан бол одоо Мон­голын хөгжлийн зүтгүүр өнгөрнө гэж ойлгоорой. Говьд хүн болж төрснөөс гээд элдэв янзаар хэлдэг үг сонстдог байсан. Тэгвэл одоо говьд хүн болж төрсөндөө баяр­лаж, бахархах цаг ирж байна. Ер нь ажил хэргээ бүтээхийн тулд ярилцаж ойлгол­цох нь чухал. Хэрлэн говь төсөл нэг хэсэг яригдаж байсан. Уг нь тэр бол чухал төсөл байсан. Гэхдээ хоорон­доо ярьж ойлголцоогүйгээс Хэрлэн голыг үгүй хийх нь гэсэн буруу ойлголт яваад бүтээгүй. Уг нь ярьж ойлголцох л хэрэгтэй байгаа юм.

Энэ бүс нутагт хүүхдийн цэцэр­лэг, сургууль, эмнэлэг амин чухал асуудал болсныг орхиж болохгүй. Иргэд та бүгдийн яриаг сонсоод би хөдөө орон нутагт ажилласан талаараа чиглэл гаргаж, Засгийн газар хүргүүлнэ" хэмээж байсан. Сайншандын иргэдийн хувьд төмөр зам гэж хязгааргүй эрх мэдэлтэй газар байдаг, уг нь нэг аж ахуйн нэгж биш юм уу гэж, орон нутгийн зам орон нутгийн зам биш боллоо, уурхайн нүүрсний зам боллоо гэж, "Саран хөхөө" чуул­гын­хан шинэ жилээ архигүй тэмдэг­лэж, архигүй хамт олон болсон гэж, бэлчээрийг ашиглах, өмчлөх тал дээр тодорхой хууль тогтоомж гаргаж өгөөч гэж, цаазын ялаас татгалзуулсан нь цагаа олсон явдал мөн үү гэж, хүнсний үйлдвэр хувьчлагдсанаас хүнсний аюулгүй байдал хэцүүхэн боллоо гэж, айм­гийн дулааны цахилгаан станц Ерөнхий­лөгчийг Ерөнхий сайд байхдаа гаргаж өгсөн 100 сая төгрөгөөр овоо явж ирсэн ч одоо хэзээ мөдгүй гал алдахад бэлэн аваарын дохиотой ажиллаж бай­гааг анхаараач гэж маш олон асуулт хүсэлтийг хүмүүс тавьж бай­сан. Бас гучин хэдтэй эмэгтэйг хөгшин гээд ажилд авахгүй байгаа нь шударга явдал уу гэж асуух ч ээж байлаа.

ГОВЬСҮМБЭР

Ерөнхийлөгч Говьсүмбэр аймагт ажиллах үед иргэдийн тавьж байсан санал хүсэлт дунд энэ аймагт МАН-ын гишүүн л бол хүнд тооцогддог хэцүүхэн он жи­лүүд өнгөрсөн тухай ярьж, хүнийг үзэл бодлоор нь алагчил­даг энэ байдал, шүүх цагдаагийнхны шу­дарга бус байдал хэзээ алга боло­хыг асууж байсан юм. Бас "Ж.Баян­мөнх Засаг дарга буруутай нь нотлог­доод явж байх шиг байна. Оронд нь хэнийг тавибал дээр гэж та хэлэх вэ, "Цагаан сараар ууц, боов тавих нь зөв үү, нэг сая төгрөгөө цагаан сараас өмнө авч болох нь уу" гээд асуухгүй асуулт хөндөхгүй сэдэв гэж үгүй байв. Засаг даргын тухайд асуудлыг шийддэг хүн нь би биш ээ, тэр хүн тийм байсан одоо тэр нь зүгээр гэж би хэлэх боломжгүй, бас ийм идээ ундаа тавь гэхэд хэцүү. Би хувьдаа зочин ирэхэд сайхан аарцаа бу­цал­гаад өгдөг. Заавал ууц гээд байхгүй боломжоороо идээ ундаа­гаа тавьж, ааруул цагаан идээ­гээрээ тавгаа засч болно шүү дээ. Манай гэр бүлийн хувьд цагаан сараар гарын бэлгээ дандаа Мон­голын бараа бүтээгдэхүүн авдаг. Хэрэв та бүхэн сая төгрөгөө аваад л урагшаа явах юм бол энд байгаа охиноо л ажилгүй болгож байна гэж бодох хэрэгтэй. Тэр мөнгө Монголдоо байж гэмээнэ л тус нь ирнэ шүү дээ гээд асуудлыг жижиг гэлтгүй хариулж байсан. Бас то­моо­хон агуулахууд, зарим агент­лагуудыг хотоос гаргаж, Чойрт ирүүлэхэд болохгүй зүйлгүй гэж ярихад тэндхийнхэн талархалтай­гаар алга ташиж байв. Бас иргэнээ сонсдог Иргэний танхимтай болго­сонд нь талархаад орон нутагтаа ч салбарыг нь байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ашиг тусыг нь Ерөн­хийлөгчөөр тайлбарлуулан хэлүүлэх хүсэлтэй хүн ч байсан. Монгол төрийн тэргүүнийн Говь­сүм­бэр аймгийн Чойр хотноо иргэ­дэд хандан хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна. Хэлсэн үгийг XX, XXI нүүрээс хүлээн авч уншина уу.

ӨДРИЙН СОНИН Э.ЭНЭРЭЛ