User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР “ЦАНГАЖ” БАЙНА

Монгол Улс эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалаа аль 1995 онд дэвшүүлж, тодорхойлсон байдаг. Тэгэхээр чөлөөт бүс гэдэг дэлхийн хоёр том гүрэнтэй хиллэдэг монголчуудын хувьд чухал болохыг нэлээд эртнээс ойлгосон юм шиг байгаа юм. Харамсалтай нь, 2002 онд баталсан Чөлөөт бүсийн тухай хууль, мөн онд баталсан “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль дорвитой хэрэгжсэнгүй өнөөг хүрсэн байна. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс ч жинхэнэ утгаараа хөгжиж чадсангүй хуулийг нь батласнаас хойш арваад жилийг ардаа орхилоо.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэй албаны хүмүүс “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн ажил байдалтай танилцаж, ОХУ-ын Буриад улсын холбогдох өндөр дээд албаныхантай зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар Сэлэнгэ аймгийг зорьсон юм. Уг зөвлөлдөх уулзалтыг Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулсан бөгөөд Буриад улсын ерөнхийлөгч В.В.Наговицын, Ардын хурлын дарга М.М.Гершевич болон тус улсын эдийн засаг, байгалийн нөөц, хөдөө аж ахуй, тээвэр эрчим хүч, замын аж ахуйн хөгжлийн зэрэг таван ч сайд хүрэлцэн ирсэн нь уулзалтад ач холбогдол өгч, тодорхой шийдэлд хүрэхийг хичээсэн нь илт байлаа. Монголын талаас зарим яамны газрын дарга нар, хил, гааль, тагнуулын байгууллага, Чөлөөт бүсийн зөвлөлийн удирдлагаас оролцсон юм.

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд ямартай ч 11.4 км хашаа барьж, бусад нутаг дэвсгэрээс нь тусгаарласны дээр төрийн хяналт, шапгалтын байгууллагууд зорчигчдод нэг цэгийн үйлчилгээ үзүулэх зориулалттай нэг давхар барилгын ажил дууссан байна. Тус чөлөөт бүсэд худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлбэл аж ахуйн нэгжийг эхний гурван жилд газрын төлбөрөөс бүрэн, дараагийн гурван жилд 50 хувь чөлөөлнө. Чөлөөт бүсийн үндсэн дэд бүтцийг бүрдүүлэх ажил эрхэлж байгаа ААН-ийг эхний таван жилд газрын төлбөрөөс 100 хувь чөлөөлж, дараагийн гурван жилд 30 хувиар хөнгөлнө гэхчлэн боломжийн заалтууд байдаг юм байна. Зарим нөхцөлөөр орлогын албан татвараас 1-8 жилийн хугацаатай 50-100 хувь чөлөөлөхөөр заасан заалт ч байна. Одоогоор ОХУ-ын дөрвөн ч томоохон компани 11 га-д аж ахуй эрхлэхээр саналаа ирүүлээд байна. Монголын талаас 70 орчим компани чөлөөт бүсийг сонирхож буйгаа илэрхийлсэн байна. Бүсэд 800 шоо метрийн багтаамжтай усан сан, түүний шугам хоолойн барилга байгууламж, угсралтын ажил, бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ, авто замыг барих гээд санхүүжилт, хөрөнгө оруулагчаа хүлээж байгаа бүтээн байгуулалт цөөнгүй байгаа аж. Монгол-Оросын талын зөвлөлдөх уулзалтын үеэр Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албаны дарга Х.Ганболдтой уулзаж ярилцлаа.

-Монгол, Оросын худалдааг хөнгөвчлөх “Алтанбулаг” чөлөөт бүсийг барьж байгуу-лах, хөгжүүлэхэд хүндрэлтэй асуудал юу байна вэ?

-Ерөнхийдөө хууль, эрх зүйн орчин бүрдсэн. Төр засгаас сүүлийн гурван жилийн хугацаанд дэд бүтцийн хөрөнгө оруулалт дээр нэлээд анхаарсан. Өнгөрсөн жил цахилгаан, цэвэр усны асуудлыг шийдлээ. 13 км-ээс цэвэр ус татаж авчирсан. Одоо бүсийн дотоод асуудал буюу цэвэр усны сүлжээ, замын ажлыг зохицуулчихвал дэд бүтцийн үндсэн суурь бий болчихно. Үүнтэй уялдан хөрөнгө оруулагчид барилга байшин, бүтээн байгуулалтаа 2012 оноос эхлэх боломж бүрдэнэ гэж тооцож байгаа. Энэ жилээс түр худалдааны урсгал бий болгож, туршилт хийхээр хилийн хяналт шалгалтын байрыг барьж ашиглалтад авлаа. Үндсэндээ төрийн зүгээс үзүүлэх үйлчилгээний суурийг тавьсан гэж хэлж болно.

-ОХУ-ын талаас манай худалдааны чөлөөт бүсийн асуудлыг хэр дэмжиж байгаа вэ?

-Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн онд ОХУ-д айлчлахад энэ асуудлыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Өнөөдөр Буриад Улсын ерөнхийлөгч өөрийн биеэр засгийн газрынхаа таван сайдтай хүрэлцэн ирсэн нь чөлөөт бүсийн асуудпыг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна. Ер нь хамтын ажиллагаа, сонирхол илт мэдрэгдэж байгаа юм.

-Хиагт дээр хүнд суртал ихтэй гэж манайхан ярьдаг юм билээ. Үүнийг багасгах, хил гаалийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх талаар цаашид юу хийх бол?

-Оросын хилийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах саналыг бид байнга тавьдаг. Хиагтын авто замын шалган нэвтрүүлэх боомтыг өргөжүүлэх төсөл боловсруулаад экспортийн хяналт хийж байгаа гэж Оросын тал мэдэгдсэн. Энэ төсөл удахгүй ажил хэрэг болох байх.

-Энэ бүс нутагт хоёр орны худалдааны эргэлт ямар байна вэ?

-Яг үнэндээ худалдаа тэгш бус байдалтай болчихоод байгаа. ОХУ-аас орж ирэх импортын бараа бүтээгдэхүүн экспортоос хэд дахин их байна. Худалдааны энэ балансыг тэнцүүлэх, ядаж ойртуулах нэг арга зам нь худалдааны чөлөөт бус байгуулах явдал юм. Бас манайх 15, Оросын тал 45 хувийн татвар авдаг. Энэ татварын зөрүүг багасгах асуудлыг олон жил ярьж байна. Гэвч үүнийг Москвагаас шийддэг болохоор наана нь бид харилцан ойлголцож, асуудлаа зөв тавьж байж, нааштайгаар шийдвэрлүүлэх боломжтой. Тийм ч учраас энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

-Чөлөөт бүсүүдэд өгч байгаа хөрөнгө оруулалт ямар байна вэ? Эндээс харахад тийм ч сайнгүй юм шиг санагдлаа?

-Ний нуугүй хэлэхэд маш муу байна. “Алтанбулаг” чөлөөт бүсийг байгуулах асуудлыг 7-8 жил ярьж байгаа. Гол нь төсвийн хөрөнгө оруулалтыг бага багаар өгч байна. Саяхны өдрийн сонины нэг дугаарт З.Энхболд гишүүн ярилцлага өгч чөлөөт бүсийн асуудал дампуурч байна гэж хатуухан хэлсэн байна билээ. Тэд олж харж байгаа нь сайн хэрэг. Одоо бидэнд бодитой санхүүжилт л хэрэгтэй байна. Нэг байгуулаад авбал Монгол Улсад маш чухал төсөл гэдгийг дахин хэлье.

Энэхүү зөвлөлдөх уулзалт дээр манай талаас чөлөөт бүсийн дэд бүтэц, түүний дотор 17 км авто зам дулааны шугам сүлжээг барьж байгуулах төслийг танилцуулсан. Уулзалтын төгсгөлд Буриад улсын ерөнхийлөгч В.Наговицынаас зарим зүйлийг тодруулахад, миний хувьд Япон, Хятад, Солонгосын чөлөөт бүсийн асуудлаар яриа хэлцэл хийж байсан туршлага бий. “Алтанбулаг” чөлөөт бүсийн тухайд хөрөнгө оруулалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт чөлөөлөлтийн нэлээд таатай нөхцөл олгож байгаа юм байна. Тиймээс бид нарийвчилсан судалгаа хийж, төслийг анхааралдаа авах болно гэв.

Орос, Монголын хилийн заагт болсон дээрх зөвлөлдөх уулзалтад хөрш залгаа Буриад улсын өндөр дээд албаны хүмүүс оролцож, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн бодит байдалтай танилцсан нь ойрын жилүүдэд байгаагүй арга хэмжээ болсныг хоёр тал үнэлж байсан. Тэр хэрээр хойд хилийн чөлөөт худалдааны бүсийг барьж байгуулах, хөгжүүлэх ажилд ахиц гарч, хөрөнгө оруулалт хийх байх гэж найдаж байгаагаа уулзалтад оролцогчид илэрхийлж байлаа.

Шинэ сэтгэгдэл нэмэх

Filtered HTML

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <blockquote> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.