User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Х.Ганболд: Чөлөөт бүс хөгжүүлэхэд эдийн засгийн нөхцлүүд нь бүрдэхгүй байсан тал бий

Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Х.Ганболдтой ярилцлаа.

-Чөлөөт бүс гэж ярьсаар багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд Чөлөөт бүсийн зөвлөлийн хүрээнд ямар ажил хийгдсэн бэ?

-Чөлөөт бүсийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин хэр байгаа билээ. Хуулийн хүрээнд дутуу дульмаг байгаа зүйлийг гүйцээх, бодлого боловсруулах болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудалд нэгдсэн бодлогоор ажиллах зорилгоор Чөлөөт бүсийн зөвлөл анх байгуулагдсан. Үүнээс гадна чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт татах гол зорилго бий. Ийм шаардлагуудын үндэс дээр Чөлөөт бүсийн зөвлөл 2009 оны гуравдугаар сард байгуулагдсан. Түүнээс хойш багагүй ажил хийлээ. Чөлөөт бүсийн зөвлөлийн хүрээнд хийгдэж буй өөрсдийн санаа оноог бодлого болгож Засгийн газрын шийдвэрт нөлөөлсөн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Чөлөөт бүсийн үндсэн дэд бүтцүүдийг бэлэн болгоно” гэж тодорхой заасан байгаа. Үүний дагуу цөөнгүй ажил хийгдсэн гэж хэлж болно.

-Тодорхойлж хэлбэл ямар ажлуудын ард гарав. Чөлөөт бүс хөгжүүлэхэд зарцуулагдах төсөв хөрөнгө хангалтгүй байна уу. Эсвэл хууль эрх зүйн орчин хангалтгүй байна уу. Үйл ажиллагаа нь нэг л жигдрэхгүй байх шиг?

-Чөлөөт бүсийн тухай хууль 2002 онд батлагдсан. Үүнээс жилийн дараа Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлын тухай хууль гарсан шүү дээ. Тухайлбал, “Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн чөлөөт бүсийн тухай хууль, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хууль хэрэгжээд явж байна.
Хөрөнгө оруулалтын хувьд нэг хэсэг зогссоныг нуугаад байх зүйлгүй. Нэгдүгээрт бодлогыг зангидах асуудал нэг яамны мэдэлд буюу бүр зөвхөн нэг хэлтэс, газарт хамаарч байсан учраас Чөлөөт бүсүүдэд анхаарах анхаарал сул байсан. Хоёрдугаарт, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсэд стратегийн хөрөнгө оруулагч оруулах тендерийг хоёр удаа зарласан. Тендерт гадаадын хөрөнгө оруулалттай хоёр компани шалгарч, үйл ажиллагаагаа эхлэх гэсээр байтал 2007 оныг хүргэсэн. Ингэж байтал Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсан зэргээр хөрөнгө оруулалт удааширсан.

-Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа нь бодлогын түвшинд жигдрэх гэсээр өдийг хүрчээ. Тэгвэл одоо ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Эхний ээлжинд Чөлөөт бүс ажиллахад төрийн зүгээс хамааралгүй болгох ёстой. Өөрөөр хэлбэл, чөлөөт бүсүүдэд ажиллахад төрийн зүгээс саад гарахгүй байхад анхаарсан. Хууль нь нэгэнт батлагдчихлаа. Ажиллах журам нь бэлэн болчихлоо. Дараагийн чухал асуудал бол дэд бүтэц. Чөлөөт бүс нутгуудад дэд бүтэц хөгжөөгүй, хязгаар нутаг учраас сүүлийн хоёр жилд энэ асуудалд хөрөнгө оруулахад нэлээд анхаарлаа. Эдийн засгийн хямралын сүүл үед буюу 2009 улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Алтан булаг” худалдааны чөлөөт бүсийн дэд бүтцийг нь хөгжүүлж байна. Сүүлийн гурван жилд л гэхэд тэнд 10-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж цахилгаан, цэвэр ус, цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэж байна. Мөн төрөөс үзүүлэх хилийн цэрэг, гаалийн газруудын барилга байгууламж, зам засварын ажлуудыг шийдэж байна. Ирэх жилээс дулаан, цэвэрлэх байгууламжийг нь шийднэ. Ерөнхийдөө 2013 он гэхэд “Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүсийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийгээд дуусчихна. Бүтээн байгуулалтын ажлууд ч сайн байгаа. Өмнөх жилүүдийн дуусаагүй ажлуудыг ч нөхөөд хийж байна.
“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн тухайд БНХАУ-аас авч буюу 300 сая ам.долларын хөрөнгөлттэй зээлийн хүрээнд хөрөнгө оруулалт хийж байгаа.

-Хэд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа гэж?

-58.8 сая ам.доллар. Өнгөрсөн жил зураг төслийн ажлыг хийж эхэлсэн. Одоогоор 90 шахам хувьтай байна. Энэ ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэж байгаа. Нийт үнийн дүнгийн 15 хувийг нь манай улс гаргах юм. Монголын тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаагаас ажил удааширч байгаа тал ч бий. Энэ жилийн төсвийн тодотголоор үлдэгдэл мөнгө болох дөрвөн сая гаруй ам.долларыг шийдчихвэл ажил жигдрээд явчихна. “Зам-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн тухайд цогцоор нь асуудлыг шийдэх зарчимаар явж байгаа. Цогц төсөл гурван жилийн дотор хэрэгжих ёстой. Дулааны станц барихад л зөвхөн чөлөөт бүс биш тэр тосгоны дэд бүтцийг цогцоор нь шийдэж байгаа. Мөн Замын-Үүд ундны усны хомдолтой шүү дээ. Тиймээс цэвэр ус, цэвэрлэх байгууламжийн шугам сүлжээ байгуулна. Бүр цэвэрлэх байгууламж барихаар төсөлд тусгасан. Үүнээс гадна чөлөөт бүс рүү цахилгааны эх үүсвэр татах, зам засах ажил байна. Нийтдээ арав гаруй км нэгдүгээр зэрэглэлийн зам тавих юм. Ийм ажлуудыг эхлүүлэхээр гүйцэтгэгч байгууллагуудыг нь шалгаруулаад, зураг төсөл, судалгааны ажлуудыг хийгээд дуусч байна. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажлыг хийнэ.

-Алслагдсан гэдэг утгаараа “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн тухай бараг сонсогддоггүй. Тэнд бүтээн байгуулалт хэр өрнөж байна вэ?

-Тэд маш олон ажил хийж байгаа. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгээгүй ч бага мөнгөндөө тохируулаад зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Ерөнхийдөө гурван чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт эхэлчихсэн байна. Ямар ч байсан жижиг хөрөнгө оруулалтуудаа ажил болгочих бодлоготой ажиллаж байна.

-Бусад улс орнууд ер нь чөлөөт бүсээ яаж хөгжүүлдэг юм бол. Манайх шиг хөрөнгө оруулалт хүлээгээд олон жилийг алддаг юм болов уу?

-Бусад орны сайн муу туршлагыг судалж байгаа. Гадаадаас мэргэжлийн хүмүүсийг урьж авчирч байна. Судалгааны материал ч цуглуулж байна. “Дэлхийн чөлөөт бүсийн холбоо”-нд гишүүнээр элссэн. Энэ хүрээнд өнгөрсөн оноос олон улсын туршлагыг багагүй судалж байна. Хоёр хөршийнхөө том зах зээл, технологийг судалж байна. Хөрш улсууд ямар барааг импортоор авч байгааг судалж, түүнийг нь эх орондоо үйлдвэрлэх асуудалд багагүй ажил хийж байгаа. Үйлдвэрлэгч орнуудтай нь хамтарч ажиллах талаар ч харилцаа тогтоолоо. Өнгөрсөн жил Буриадтай энэ асуудалд харилцаа тогтоосон. Чөлөөт бүсийн асуудлыг хариуцан ажилладаг тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягийн урилгаар өнгөрсөн жилийн тавдугаар сард Буриадын Ерөнхийлөгч, таван сайд, холбогдох дарга нарыг нь “Алтан булаг” худалдааны чөлөөт бүсэд авчирч, хамтран ажиллах талаар ярилцсан. Тэр уулзалтаар төрөл бүрийн салбарт хамтран ажиллахаар тохирсон. Үүнээс гадна ОХУ-д чөлөөт бүсийн талаарх бүх уулзалтад төлөөлөгчидөө явуулдаг болсон. БНХАУ-ын хувьд ӨМӨЗО-тэй нэлээд гүнзгий харилцаа тогтоолоо. Гадаадын харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын айлчлалаар бид тэнд очсон.

-Уулзалт үр дүнгээ өгсөн үү?

-ӨМӨЗО-ы Засгийн газартай хамтарч ажиллах, харилцан туршлага солилцох асуудалд хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр хөршөөс гадна чөлөөт бүс өндөр хөгжсөн Ирландын Чөлөөт бүсийн хөгжлийн дэмжих сан, БНСУ-ын Инчонийн Чөлөөт бүсийн удирдлагуудтай зөвлөлдөж хамтрахаар болсон.

-Гадны улсуудын туршлагыг чөлөөт бүсэд хэрэгжүүлэхээс өөрөөр яах вэ. Бараа таавараа солилцох зэрэг асуудал бий юү?

-Гадны хөрөнгө оруулагчдад улс орноо танилцуулах асуудалд бодлого тавьж байгаа. Хөрөнгө оруулагчид Монгол Улсад бизнесийн орчин ямар байгааг мэдэхгүй байгаа шүү дээ.

-Ер нь чөлөөт бүсийн ач холбогдол юу юм бэ. Асар их хөрөнгө оруулалтаар чөлөөт бүс байгуулаад байдаг. Хэр хугацааны дараа үр дүнгээ өгөх вэ?

-Чөлөөт бүс ашигтай гэдгийг цаг хугацааны хувьд урьдчилж хараад хуулиа баталчихсан шүү дээ. Гэхдээ эдийн засгийн нөхцлүүд нь бүрдэхгүй байсаар хугацаа алдсан. Үнэнийг хэлэхэд Монгол Улсын эдийн засаг хэдэн жилийн өмнө ямар байлаа. Харин одоо эдийн засгийн хувьд боломж нээгдсэн. Уул уурхайгаас асар их хөрөнгө орж ирж байна. Уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгийг Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төсөл рүү хийж таарна. Тийм төслүүдийн нэг нь тэртээ 2003 онд олж харсан, төслийг нь хийсэн Чөлөөт бүс шүү дээ. Яагаад заавал чөлөөт бүс байгуулаад байна вэ. Монгол Улсад технологи байхгүй байгааг хүлээн зөвшөөрчихсөн. Уул уурхайн үйлдвэрлэлээс өөр экспортод гаргадаг ямар бүтээгдэхүүн байна вэ. Импортыг орлуулдаг ямар үйлдвэр байгаа юм бэ. Эдийн засгийн бланс алдагдалтай байгаа учир энд байгаа. Үүнийг олж харсан учраас л Чөлөөт бүс ашигтай гэдгийг олж харсан. Чөлөөт бүсийн хуулиар хөрөнгө оруулагчдад татварын маш тааламжтай нөхцөл бий болгож байгаа. Чөлөөт бүсээр орж ирлээ гэхэд онцгой болон нэмүү өртөг гэх мэтийн татвар үгүй болно. Хоёрдугаарт, Монголд ямар хэмжээний зах зээл байгааг судлаж байж нэгдсэн бодлогоор импорт, эскспортын бодлогыг зохицуулах боломж бүрдэнэ.

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын Чөлөөт бүсийг хэр сонирхож байгаа бол?

-Улс төрийн байдал тогтвортой болж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхож байна. Үүнээс гадна Монгол Улсад үйлдвэрлэж байгаа долоон мянга гаруй нэр төрлийн барааг Европын холбооны улсуудад кодгүй оруулахаар болсон. Энэ том боломжийг зүүн өмнөд Азийн орнууд маш их сонирхож байгаа. Монголчуудын боловсрол, европжсон соёл, хөрвөж ажиллах чадварыг хөрөнгө оруулагчид үнэлж байна. Гадаадынхан монголчуудын тэр чадамжуудыг хүлээн зөвшөөрсөн учраас хамтарч ажиллахад таатай байгаа. Дайны дараа Солонгос ямар байлаа. Чөлөөт бүсээ хөгжүүлснээр дэлхийн эдийн засагт яаж нөлөөлж байгаа билээ. Хятадаас экспортод гарч байгаа нийт барааны 60 хувийг чөлөөт бүсэд хийж байгаа. Малайз, Сингапур зэрэг улсын хөгжлийн түүх бүгд чөлөөт бүсээрээ дамжсан.
Үүнээс гадна чөлөөт бүс дагасан дэд бүтцийн асуудлыг мартаж болохгүй. Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл босоо чиглэлийн хос замын асуудал яригдаж байна. Бүр Даланзадгадаас эхлээд Дорнодоор гарах 1100 км төмөр зам барих төсөл хэрэгжих болно. Ийм давуу талууд байгаа учраас чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтыг хурдан, сайн хийх хэрэгтэй.

-Гэтэл чөлөөт бүс гэхээр хоосон хашаа л төсөөлөгддөг шүү дээ. Одоо ч тийм л байна…

-Мэдээжийн хэрэг төрөөс хийх ёстой ажил бол дэд бүтэц. Тэр нь дандаа газар доогуур хийгддэг ажил. Газар доогуур ажил хийгдэж байгаа учраас юм хийгдэхгүй байгаа мэт харагдаж байгаа байх. Түүнээс тэнд ТЭЗҮ-ийн дагуу бүтээн байгуулалт хийгдээд л явж байна. Гоё сайхан барилга байгууллагууд барьдаг хүмүүс нь хөрөнгө оруулагчид шүү дээ.

-Хөрөнгө оруулагчид гэхээр ихэвчлэн гадаадынхан уу. Төрөөс хөрөнгө оруулагчдад тухайлсан ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Дотоодын хөрөнгө оруулагчид ч байлгүй яахав. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд бүх төрлийн үйлчилгээ байна. Тэнд сав баглаа боодлын үйлдвэр нь Чөлөөт бүсийн хуулийн дагуу хөнгөлөлт эдлээд явчихна. Харин үйлдвэрлэл нь байхгүй. Тавилгын үйлдвэр байгууллаа гэхэд хөнгөлөлт байхгүй. Тиймээс хуульд жаахан өөрчлөлт оруулах шаардлага гарчихаад байна. Бусад орнууд бүс нутгаар нь чөлөөт бүс болгочихдог. Манайхаар Сэлэнгэ аймгийг тэр чигт нь чөлөөт бүс болгочих жишээтэй. Тийм тохиолдолд төрөөс мөнгө бага гардаг. Манайд бол эзгүй тал дээр ажлаа эхэлж байгаа шүү дээ. Тийм газар үйлдвэрлэл явуулахад хөрөнгө оруулагчдад бас хэцүү шүү дээ.

-Тэгэхээр хөрөнгө оруулахад бас л хүндрэлтэй юм биш үү?

-Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг чөлөөт бүс рүү оруулж гадны сайн технологийг оруулах хэрэгтэй. Уул уурхай зогслоо гэхэд өнөөх үйлдвэрлэл, чөлөөт бүс Монголын эдийн засгийг аваад явна шүү дээ. Чөлөөт бүсийн тухай хуулиар чөлөөт бүсэд байгуулах үйлдвэрийг өөр аймагт ч дамжуулж, нутагшуулах боломжтой. Ер нь чөлөөт бүс үйлдвэрлэлийн хувьд дандаа туршилтын талбар болдог. Тэгэхээр Монголын хөгжлийн үндсэн гарц тэр. Үйлдвэрлэлийг чөлөөт бүсэдээ авчираад бусад газарт нутагшуулах замаар хөгжих болно.

-Гадны хөрөнгө оруулагчдыг бизнесийн нээлттэй орчноор л татах юм байна. Тийм үү?

-Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар гадны хөрөнгө оруулагчид орж ирэхэд 100-аас дээш мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх зэрэг шаардлага байдаг. Харин чөлөөт бүсэд тусгай нөхцөл тавихгүй. Чөлөөт бүсэд гадны хөрөнгө оруулагчид орж ирээд бүртгүүлээд л аж ахуйн нэгжээ байгуулах маш том давуу тал байгаа.

-Энэ бүхэн яг хэзээнээс биелэлээ олох вэ?

-Бид ажилдаа алдаа гаргаснаа нуухгүй. “Алтанбулаг”-т л гэхэд эхлээд газраа олгочихсон. Гэтэл гадныхан эхлээд мастер төлөвлөгөөгөө хийгээд, дэд бүтцээ хөгжүүлдэг. Бид ийм төлөвлөгөө гаргасан ч эхлээд газраа олгочихсон. Санхүүгээрээ шахагдсан учраас л ингэсэн л дээ. Энэ алдаагаа “Замын-Үүд”-д засч байгаа. Тэнд нэг ч га газар олгохгүй байгаа. Тиймээс ч хүмүүс “Та нар яагаад газар өгөхгүй байна. Ажлаа хийгээч” гэж шаардаад байгаа юм. Тэнд газраа дуудлага худалдаагаар зарж байж хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой болоод байна. Мөн ус, цахилгааны төлбөр, үйлчилгээний төлбөр зэрэг шууд болон шууд бус орлогоороо хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой. “Алтанбулаг”-т газар авсан хүмүүстэйгээ ярилцаж байгаа. Ямар үйлчилгээ явуулах гэж байгааг нь судалсныхаа дараа өөр хооронд нь шилжүүлэх талаар ярьж байгаа.

-Чөлөөт бүсэд ажиллах боловсон хүчин хэр хангалттай вэ?

-Эдийн засаг, эрх зүйн чиглэлээр төгссөн боловсон хүчин хангалттай байгаа ч чөлөөт бүсээр дагнасан хүмүүс байдаггүй. Тиймээс энэ чиглэлээр дагнаж, том бүтээн байгуулалтад оролцооч гэж залуустаа уриалж байна. Сүүлийн үед чөлөөт бүсийн асуудалд Засгийн газар маш сайн анхаарч байгаа. Тэргүүн Шадар сайд Чөлөөт бүсийн зөвлөлийн даргаар ажилладаг учраас бодит байдлыг Засгийн газарт хангалттай мэдээлж, зохих арга хэмжээг авдаг.
Б.ДОЛЗОДМАА

Шинэ сэтгэгдэл нэмэх

Filtered HTML

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <blockquote> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.